Хэт боловсруулсан хүнс ихээр хэрэглэдэг залуу хүмүүсийн хувьд бүдүүн гэдэсний хавдарт хүргэж болзошгүй ургацаг үүсэх эрсдэл өндөр байдгийг шинэ судалгаа харууллаа.
Хэт боловсруулсан хүнсэнд савласан бялуу, сахартай өглөөний хоол, бэлэн эсвэл халааж иддэг бүтэгдэхүүн, хиам, зайдас зэрэг хөргөгчийн махан бүтээгдэхүүн багтана. "Эдгээр хүнс шим тэжээл маш бага бөгөөд хиймэл амт, өнгө оруулагч, тогтворжуулагч, эмульгатор, өтгөрүүлэгч зэрэг олон төрлийн нэмэлт бодис агуулдаг" хэмээн Нью-Йорк мужийн Great Neck дахь Northwell Health Cancer Institute-ийн хавдар судлаач, клиник профессор Кристин Молменти ярьжээ. Тэрээр "Үнэндээ эдгээр бүтээгдэхүүн нь байгалийн шимт чанараа бүрэн алдаж, хэт их боловсруулагдсанаас болж хүнсний анхдагч бүтэц, ашигтай бодисууд нь үндсэндээ устдаг" гэж хэлэв. Мөн тэрээр "АНУ-д хүнсний үйлдвэрлэл өнгөрсөн зуунд эрс өөрчлөгдсөн. Бидний идэж буй хүнснүүдийн орц найрлага нь өмнөх үеийнхтэй огт адилгүй болсон бөгөөд олон хүн тэдгээр орцыг танихаа больсон" гэж нэмж дурджээ. Судлаачид одоо хэт боловсруулсан хүнсний төрлийг ангилан, аль нь илүү хор хөнөөлтэй болохыг тогтоох, мөн эрт үеийн бүдүүн гэдэсний хавдрын бусад эрсдэлийн хүчин зүйлийг илрүүлэх судалгаа хийж байгаа аж. "Хоол хүнс хүний гэдсээр дамжихдаа сайн ч бай, муу ч бай шууд нөлөөлдөг. Хэт боловсруулсан хүнс нь гэдэсний микробиомын тэнцвэрийг алдагдуулдаг, үрэвсэл үүсгэдэг, инсулиний эсэргүүцэл бий болгодог, бодисын солилцоог доголдуулдаг. Иймээс бие организм өвчнөөс хамгаалах чадвараа алддаг" гэж тэрээр хэлжээ.
Монгол Улсад ч мөн адил хэт боловсруулсан хүнсний хэрэглээ өндөр хэвээр байгаа бөгөөд ялангуяа инстант гоймон, чипс, хийм, бэлэн бүтээгдэхүүн зэрэг нь өдөр тутмын хэрэглээнд түгээмэл ордог. Ийм төрлийн хүнсний хэрэглээ нэмэгдэх хэрээр бүдүүн гэдэс болон хоол боловсруулах замын эрсдэлийн талаар олон улсын судалгааны дүгнэлтүүд Монголын нөхцөлд ч хамааралтай байж болзошгүйг мэргэжилтнүүд онцолсон ажээ.