ИНҮТ
Дэлхийн хамгийн хачирхалтай цэцгүүд
Байгууллагын мэдээлэл
10 сарын өмнө

БИЧИН НҮҮРТ ДРАКУЛА: Цахирмаа цэцгийн бүлэгт багтах энэ ер бусын цэцгийн нэр нь л дангаараа хачин жигтэй юмсын жагсаалтад орно. Перугийн өтгөн ой ширэнгэ, Эквадорын зүүн өмнөд нутагт далайн түвшнөөс 1000 метр болон түүнээс дээш өндрийн бүсэд ургадаг уг цэцэг жилийн хэдийд ч дэлгэрдэг онцлогтой. Бичин нүүрт мөн амтат жүржийн үнэртэй гэх бөгөөд жимсний үнэртэй цор ганц цахирмаа аж.

МАНТУЙЗАЙ ХҮҮХЭД ХЭЛБЭРТЭЙ АЛТАНЗУЛ: Андын нурууны Колумбын нутаг дахь хэсгээс 1777 онд анх олдсон энэхүү өхөөрдөм алтанзул 20-иод жилийн дараа буюу 1798 онд л албан ёсоор шинжлэх ухаанд бүртгэгджээ. Жил бүр зуны эхэн сард дэлгэрдэг "манцуйтай хүүхэд" ойролцоогоор 10 см болж ургах бөгөөд онцгой анхилам үнэр ялгаруулан, “өлгий”-гөө задлах нь 5-7 хоног үргэлжилнэ. Энэ үеэр сайхан үнэрт нь хууртсан хорхой шавж манцуй руу нь орж, наалдамхай шингэнд нь баригддаг байна.

ЧУЛУУН ЦЭЦЭГ : Тасалгааны тун тансаг цэцэг болох чулуун цэцэг нь хуурай, халуун орчинд ургадаг мэт харагдах ч үнэн хэрэгтээ шүүслэг ургамлын зүйлд багтана. Онгон байгальд зөвхөн Өмнөд Африк улсын нутагт ургадаг энэхүү ер бусын гоёмсог цэцэг орчны аливаа өөрчлөлтөд маш тэсвэртэй тул хатуу чулуу шиг харагдах үндсийг нь ердийн чулуун дээр байрлуулсан ч ургадаг байна. Чулуун цэцэгт ургаж төлжихөд нь нэг л зүйл хамгаас чухал. Энэ цэцэг нарны гэрлээс холдвол л ганц өдрийн дотор үхнэ.

ХҮҮРИЙН ҮНЭРТ САРААНАА: Зөвхөн Индонезийн Суматра аралд ургадаг энэ цэцэг хачин нэртэй, муухай үнэртэйгээс гадна дэлхийн хамгийн том цэцэг юм. 3.6 метр хүртэл ургаж, 12 кг хүртэл жин татдаг энэхүү аварга сараана хэдэн жилд ганц удаа дэлгэрдэг.  Дэлгэрэхдээ яг л өмхийрсөн сэг зэм муудсан юм шиг шиг үнэр ялгаруулна. Ийм үнэрт ямар амьтан татагддаг бол гэж гайхаж байвал зөвхөн сэг зэмээр хооллодог, өмхий үнэрт дуртай цох хорхой, ялаа байдгийг санана уу. Өмхий сараанын тухай бас нэгэн сонирхолтой баримт дурдвал энэ цэцэг Борнео арлын үндэсний цэцэг юм.

САРЬСАН БАГВААХАЙН НҮҮРТ КУФЕЯ: Мексикийн уугуул, зөвхөн халуун дулаан бүсэд ургадаг энэхүү олон наст куфея тод гэгчийн улаан, нил ягаан дэлбээтэй, сарьсан багваахайг санагдуулам үслэг, хар голтой цэцэг юм. Тамхины ургамал, Петерийн цэцэг, Туулайн чих зэрэг сонин содон нэршилтэй уг цэцгийн бут 1-2 метр өндөр бөгөөд маш өтгөн багвайж ургана. Хуурай, халуун орчинд тэсвэртэй, бүтэн сар хүртэл усгүй байж чаддаг сарьсан багваахайн нүүрт эрээн далт шувуу, эрвээхий зэргийн эргэлддэг хамгийн дуртай цэцэгсийн нэг.

ЗӨГИЙТ ЦАХИРМАА: Үхэр хэдгэнэ хэрэв инээмсэглэдэг бол энэ цахирмаа шиг харагдах биз ээ. Дээр нь зөгий суусан мэт “нүүр”-тэй энэ цэцгийн Ophrys хэмээх латин нэр грек хэлний хөмсөг гэсэн үгнээс гаралтай бөгөөд хөмсгөө өргөсөн, инээвхийлсэн амьтан байгаа мэт харагддагаас ийн нэрлэгдсэн бололтой. Зарим зөгийт цахирмаа цэцэг шаргал, хүрэн бор өнгөтэй байх бол зарим нь алтан шар, усан ягаан зэрэг хурц тод өнгөтэй байна. Энэ цэцэг дээр нь хэдгэнэ суусан мэт харагдахаас гадна үхэр зөгийг хамгийн их татдаг цэцэгний нэг тул мөн ийм нэртэй болжээ. Мальта улсын нутгаас өөр хаа ч ургадаггүй байсан зөгийт цахирмааг сүүлийн үед Европын бусад хэсэгт нутагшуулах нь нэмэгдээд байна.

УРУУЛАН ЦЭЦЭГ: Колумб, Коста Рика, Панамын нутагт ургадаг энэ цэцгийн “уруул” нь үнэндээ дэлбээ биш, иш нь юм. Шунхан улаан уруул жилд ганц удаа буюу цэцэг нь гарахаас хэдхэн хоногийн өмнө энэхүү зураг дээрх шиг “үнсэхэд” бэлэн болох бол дундаас нь дэлбээлэх жижигхэн шар, цагаан цэцэг нь хэл шиг харагдана. Уруулан цэцгийн өнөр бүлд 1990-ээд дэд зүйлийн цэцэг багтдаг. Тэдгээрийн зарим нь уруул дээрээ “яр” шиг харагдах хар хар толботой агаад тэр нь нэгэн зүйлийн хортой бактери байдаг байна. Уугуул тархац нутаг нь ойн хорогдлоос болж ихээхэн хумигдсан тул устаж болзошгүй цэцгийн жагсаалтад бичигджээ.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар